Та "Reverse Psychology" гэж сонссон уу?
Сонсоогүй ч байсан магадгүй утгыг нь хараад барагцаалж байгаа байх. Товчхондоо хүнийг ямар нэг зүйлд ятгахын оронд тухайн хүний хүслийнх нь эсрэг зүйлийг санал болгож өөр өнцгөөр сэтгэл зүйд нь нөлөөлөхийг хэлдэг.
Энэ аргыг бүгдээрээ өөрсдийнхөө амьдралд ашиглацгаая.
Тэгэхээр таны зорилго амьдралаа сайжруулах, хөгжих дэвших биш эсрэгээрээ амьдралаа сүйтгэх гэж төсөөлөөд эхэлцгээе.
Чи бүх зүйлийн хохирогч нь гэдгийг үргэлж өөртөө сануул. Амьдрал бол шударга бус бөгөөд ялангуяа чи бол хамгийн азгүй амьтан гэдгийг тархиндаа зуршил болтол суулга.
Амьдрал утга учиргүй. Ялангуяа чиний амьдралд утга учир байх ёсгүй. Энэ бол маш чухал. Үүнийг сайн хийж чадахгүй бол амьдрал чинь сүйрэхгүй шүү!
Хариуцлагыг гартаа авч тэнэгтвээ. Чамд ямар ч хариуцлага байх ёсгүй. Зөвхөн бусдаас л аврал эрэн хүлээ. Бас үргэлж бусдыг буруутга. Аль болох их шалтаг тооч. Үргэлж чиний зөв. Үүнд 100% итгэ.
Бас хамаагүй үнэнч шударга байж болохгүй шүү. Жижигхэн цагаахан ч хамаагүй аль болох худлаа ярихыг л бодох хэрэгтэй.
Хамт хов баздаг, архи уудаг, гомдолж гоншигнож, өвчин зовлон ярьдаг найзууд чинь чиний зорилгодоо хүрэх ганц түшиг юм шүү. Эргэн тойронд хэн нэгэн өөдрөг, эерэг юм ярих гээд байвал бушуухан доош нь дарж унтраагаарай.
Юунд ч битгий гүн төвлөр! Үргэлж утсаа оролд. Юу ч битгий сур. Бас тэвчээртэй л байж болдоггүй юм шүү дээ.
Яг одоо л авч болох таашаал бүхнийг хөө. Алсын харааг бол бүр мөсөн март. Үргэлж бие болон оюуны амрыг бод. Хөдөлмөрлөх нь маш аюултай шүү, амьдралаа сүйтгэх зорилгоос чинь холдуулж амжилт дуудаж мэднэ. Нүгэл гэм. Анхаарлаа сайн сарниул, ном мом уншиж тэнэгтэв! Сурч боловсорч л болдоггүй юм шүү. Чи л одоо биеийн амрыг бодож жаргахгүй юм бол хэн чамайг жаргаах юм бэ? Бас үргэлж өөрөөсөө дор хүмүүстэй харьц. Өөдрөг хүмүүсээс холхон бай.
Битгий өглөө эрт босоорой. Өглөө бүр сэрэнгүүтээ утсаа оролдоод орондоо аль болох сайн нозоорох хэрэгтэй. Аль болох нар үзэхгүй харанхуй өрөөнд сайн бүгэх тусам сайн. Дасгал хөдөлгөөн хийж мангартав.
Эрүүл хооллолтыг бол яриад ч хэрэггүй. Одоо авч болох таашаал бүхнийг хөө гэснийг санаж байгаа биз. Тиймээс яг одоо хамгийн гоё амттануудыг захиалж ид. Хаа хамаагүй амин дэм сайтай мах, ногоо, жимс гэх мэт байгалийн бүтээгдэхүүн хэрэглээд байвал хэт их эрч хүчтэй болоод хэрэгтэй зүйлд зориглоод байж мэднэ. Оронд нь үргэлж олон дахин боловсруулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглээрэй. Бас тогтсон цагтаа унтаад дэмий. Нойрны цагаа байнга солих хэрэгтэй. Аль болох шөнө унтахгүй байвал сайн.
Хэзээ ч битгий зориг гарга. Шийдэмгий байж болохгүй шүү. Удаан эргэлзэх тусам сайн. Айдас бол чиний найз. Хорвоогоос нуугдаж амьдар. Сонголт бүхнээс амархныг нь сонго. Юм бүхнийг хойш тавь. Чухал байх тусам улам хойш тавиарай. Тэрийг одоо хийж яанам. Өсөж дэвших зорилго тавихгүй байвал сайн. За бүр хүсээд байвал тавьж болно гэхдээ хамаагүй тодорхой зорилго тавьж болохгүй шүү. Тодорхойгүй ерөнхий зорилго тавиад үүнийхээ тухай хүн болгонд сайхан яриад л яваарай. Ойртох алхам хийгээд дэмий.
Хэнд ч битгий хэрэгтэй бай. Бусдад хэзээ ч хэрэгтэй зүйл хийж өгч болохгүй. Сэтгэл, цаг зав, анхаарал гэх мэт алийг нь ч хэнд ч битгий өг. Ялангуяа өөртөө бүр битгий өг. Эдгээрээс өөртөө болон бусдад өгөөд эхэлбэл бидний төлөвлөгөө нурна шүү. Тиймээс ямар нэгэн хүнд хэрэгтэй зүйл хийх гээд байвал шууд зогсоо. Оронд нь сайн хорло.
Хайраас хол бай. Оюун бодлоо үзэн ядалтаар дүүргэх тусам сайн. Үргэлж хувиа хичээхгүй бол амьдрал чинь сүйрэхгүй байж магадгүй учир амин хувиа л хичээ. Хэнтэй ч ярьсан зөвхөн өөрийнхөө тухай ярьж өөрийн шунал хүслийг тулга. Хэнийг ч битгий чих тавин сонс, амьдралаа сүйтгэх зорилгод чинь саад болно.
Бусдын тухай ярихдаа сайн муулахаа мартваа. Ялангуяа араар нь сайн муул. Аль болох олон өө сэв олж харах тусам сайн. Сөрөг мэдээ сайн сонс бас цааш нь тараа. Бусдын амьдралд сайн хошуу дүрж хов баз. За тэгээд бүх хүмүүст таалагдахыг хичээхээ мартав.
За тэгээд эдгээр зөвлөгөөг сайн дагаж мөрдөж чадвал амьдралаа сүйтгэж үгүй хийх зорилгодоо асуудалгүй хүрнэ. Нэг сайн мэдээ байна. Эдгээрх нь хийхэд тийм ч хэцүү зүйл биш. Хэд хоног мөрдөхөд л сайхан эрчээ аваад улам доошоо уруудах шиг амархан зүйл байхгүй. Амьдралаа сайн сайхнаар дүүргэх шиг их хөдөлмөр шаардахгүй учир хэн ч хийчхэж дөнгөнө.
Танд амжилт хүсье.
Bi bvr duusgasangue uur ntr xvreed yawaa bas sonirxoltoil yum
tevchin baij unshlaa zurh ystoi baij ydad ymar uvdvuu yoohh 😅